ӨВӨРМОНГОЛЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НҮТП ХК-Д АЙЛЧИЛЛАА
2026 оны наймдугаар сарын 13 9 үзсэн

ӨВӨРМОНГОЛЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НҮТП ХК-Д АЙЛЧИЛЛАА

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болох Inner Mongolia Construction Investment Group-ийн захирал Zhang Xuechun тэргүүтэй төлөөлөгчид Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-д хүрэлцэн ирж, Паркийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа.


Тус групп нь цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар санал солилцох зорилгоор НҮТП ХК-д ажиллав.


Уулзалтын үеэр НҮТП ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой Дулааны цахилгаан станцын төслийг дэлгэрэнгүй танилцуулж, төслийн хэрэгцээ, хүчин чадал, хэрэгжүүлэх боломж, хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар харилцан ярилцлаа.


Мөн Дулааны цахилгаан станцыг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, технологи, инженерийн шийдэл, төслийн санхүүжилт болон хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.


Уулзалтын үеэр Inner Mongolia Construction Investment Group-ийн зүгээс НҮТП ХК-ийн Дулааны цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулах, цаашлаад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Энэхүү уулзалт нь Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн найдвартай эрчим хүчний дэд бүтцийг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой хамтын ажиллагааны эхлэл болж байна.


НҮТП ХК – Стандарттай үйлдвэрлэл • Ногоон хөгжил