"Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк” ХК (НҮТП) болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2025 оны дөрөвдүгээр сарын 2
"Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк” ХК (НҮТП) болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх, паркийн хэрэгжүүлэх үйлдвэрийн төслүүд дээр мэргэжлийн, хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж гаргах, судалгаанд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлтийг дэмжих замаар эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна.

Талууд есөн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд цаашдын үйл ажиллагаа зөвхөн эдгээр чиглэлээр хязгаарлагдахгүй. Паркийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын бүтээл, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Хамтын ажиллагааны эхлэл болгож ШУТИС-ын эрдэмтдийн баг НҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэх бөгөөд цаашид аж үйлдвэржилтийг стандартын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хөгжүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны онцлог, чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах: Facebook