НҮТП ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026 оны арван нэгдүгээр сарын 24 9 үзсэн

НҮТП ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

“Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр болж, компанийн 2026 оны үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон 2027 оны бизнес төлөвлөгөө, төсвийн төслийн талаар хэлэлцлээ.


Хурлаар Паркийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар 2026 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажил, компанийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, тайлант хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө.


Түүнчлэн Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй болон үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийх санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.


Мөн Нийслэлийн 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналыг хэлэлцэж, Паркийн газар ашиглалт, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлт, цаашдын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн газар зохион байгуулалтын асуудлыг үе шаттай шийдвэрлэх чиглэлээр санал солилцсон. Мөн 2027 оны компанийн төсвийн төслийг хэлэлцэн, ирэх оны үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн асуудлыг авч үзлээ.


Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас цаашид **хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааг идэвхжүүлэх, Паркийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, газар зохион байгуулалт болон санхүүгийн төлөвлөлтийг урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулах** шаардлагатайг онцолж, Гүйцэтгэх удирдлагад холбогдох чиглэл өглөө.


НҮТП ХК нь цаашид үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэлийн таатай орчин бүрдүүлэх, инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Налайх дүүргийн үйлдвэрлэл, технологийн хөгжлийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн кластер байгуулах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.


**СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – НОГООН ХӨГЖИЛ**