GIZ ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ХБНГУ-ЫН BATUTH MARK ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Уг уулзалтад Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, НҮТП ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, Налайхын хөгжлийн корпорацийн захирал Д.Цэнд болон Налайх дүүргийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтыг нээж НҮТП ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар паркийн өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын зорилго, хөгжлийн төлөвлөлт, чиг хандлагын талаар танилцуулга мэдээлэл өглөө.
Baruth Mark хот нь Brandenburg мужийн Teltow-Fläming дүүрэгт орших, Герман улсын аж үйлдвэржилтийн томоохон төв хотуудын нэг юм. Уулзалтын үеэр тус хотын дарга Peter Ilk 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэрийн паркийн хөгжлийн түүх, ололт амжилт, хэрэгжүүлсэн бодлого, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр аж үйлдвэрийн паркийн амжилтын гол үндэс нь хувийн хэвшлийг тууштай дэмжиж, төр-хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгосон явдал гэдгийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр Налайх дүүрэг нь аялал жуулчлал, аж үйлдвэржилтэд тулгуурласан бие даасан хот болон хөгжих шилжилтийн үе шатандаа байгааг онцлон дурдав. Тэрээр энэхүү хөгжлийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний хөгжил, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал онцгой чухал болохыг тэмдэглэж, цаашид харилцан туршлага солилцож, зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалт нь аж үйлдвэрийн парк хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлэх чиглэлээр олон улсын туршлага судлах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой уулзалт боллоо.


