УИХ-ЫН ГИШҮҮН С.ЗУЛПХАР НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТ АЖИЛЛАЛАА
2026 оны наймдугаар сарын 13 12 үзсэн

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЗУЛПХАР НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга С.Зулпхар Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-д ажиллаж, Паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.


Уулзалтаар НҮТП ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар Паркийн өнөөгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн төлөвлөлт, үйлдвэрлэл технологийн дэд бүтцийг өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.


УИХ-ын гишүүн С.Зулпхар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсантай холбогдуулан тус хууль нь бизнес эрхлэх эрх, хувийн өмчийн эрх, гэрээний эрх чөлөө, хөрөнгө оруулалтын үр шимийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог бууруулах замаар бизнесийн эрх зүйн орчныг илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болгоход чиглэж байгааг онцоллоо.


Түүнчлэн үйлдвэрлэл, технологийн парк нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт татах чухал ач холбогдолтой тул Паркийн эрхзүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох тал дээр дэмжиж, санаачилж, холбогдох асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Уулзалтын үеэр Паркийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт, цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.


Налайхын үйлдвэрлэл, технологийн парк — Үйлдвэрлэл хөгжиж, үндэсний бүтээн байгуулалт өргөжинө.