ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026 оны аравдугаар сарын 6 7 үзсэн

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монголын Үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбоонд үйлдвэрлэл, технологийн паркуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх зорилго бүхий төлөөллүүдийн уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтад Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК, Налайх, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркууд, мөн хувийн хэвшлийн Бөөрөлжүүт үйлдвэрлэл, технологийн паркийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо.

Үйлдвэрлэл, технологийн паркууд нь үйлдвэрлэлийг төвлөрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах чухал дэд бүтэц юм.

Иймд паркуудын хоорондын мэдээлэл, туршлага, нөөц боломжийг харилцан хуваалцах, нийтлэг асуудалд хамтарсан байр суурь боловсруулах, төр, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь салбарын цаашдын хөгжлийн чухал үндэс болно.


Уулзалтаар цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, нийтлэг асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллахаар санал нэгдлээ.


Нэгдсэн зорилго – Нэгдсэн уялдаа – Тогтвортой үйлдвэрлэл – Эдийн засгийн хөгжил