ШИНЭ ЗУУН БИЛЭГ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД НҮТП ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026 оны арван нэгдүгээр сарын 4 18 үзсэн

ШИНЭ ЗУУН БИЛЭГ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД НҮТП ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн 9, 10 дугаар ангийн дөрвөн бүлгийн 100 орчим сурагч “Үйлдвэрлэлийн судалгаат хичээл”-ийн хүрээнд Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Паркийн нэгж үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, бодит үйлдвэрлэлийн орчинд суралцлаа.


Танилцах хөтөлбөрийн хүрээнд сурагчид НҮТП ХК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэлийн орчин болон цаашдын хөгжлийн төлөвлөлтийн талаар мэдээлэл авсан юм.


Мөн Паркийн нэгж үйлдвэрүүд болох “Координат чойсе” ХХК, “Электрокем Монгол” ХХК, “Нью метод” ХХК-иар зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаа, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлага, хөдөлмөрийн зохион байгуулалттай газар дээр нь танилцлаа.


Энэ үеэр үйлдвэрийн удирдлага, мэргэжилтнүүд сурагчдад түүхий эд, материалын хангамж, үйлдвэрлэлийн технологийн шийдэл, бүтээгдэхүүний чанар, борлуулалт болон ажлын байрны онцлогийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулан, санал бодлоо солилцов.


Онолын мэдлэгийг бодит туршлагатай холбох нь


“Үйлдвэрлэлийн судалгаат хичээл”-ийн гол зорилго нь сурагчдад үйлдвэрлэлийн үйл явцыг бүхэлд нь бодит орчинд судалж, онолын мэдлэгээ практик туршлагатай холбон ойлгох боломж олгоход оршино.


Сурагчид түүхий эд, материалын татан нийлүүлэлтээс эхлээд хүний нөөц, ажиллах хүчний зохион байгуулалт, үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанар, эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх хүртэлх цогц үйл явцтай танилцсанаар үйлдвэрлэлийн салбарын бодит нөхцөл байдал, мэргэжлийн онцлог, ажлын байрны талаар илүү өргөн ойлголттой боллоо.


Энэхүү танилцах хичээл нь сурагчдад ирээдүйн мэргэжил, боловсролын чиглэлээ сонгоход нь бодит мэдээлэл өгөхөөс гадна хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгох, үйлдвэрлэл, технологи, инновацын салбарыг сонирхон судлахад чухал ач холбогдолтой юм.


НҮТП ХК – Үйлдвэрлэл, боловсролын хамтын ажиллагааг дэмжинэ


Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК нь боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, залуу үеийнхэнд үйлдвэрлэл, технологи, инновацын салбарыг таниулах, онолын мэдлэгийг практик туршлагатай хослуулах, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх бодит ажил хэрэг болгоно.


Мэдлэгээс бүтээл, бүтээлээс хөгжил.