МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХҮҮД БОЛОН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ХК-Д АЖИЛЛАЛАА
2026 оны долоодугаар сарын 30 3 үзсэн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХҮҮД БОЛОН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ХК-Д АЖИЛЛАЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Ганзориг, “Хүнсний хувьсгал” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Т.Өлзийсайхан, Налайх хотын хөгжлийн корпораци ОНӨААТҮГ-ын дарга Д.Цэнд, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Батсүх, тус ажлын албаны Хот төлөвлөлтийн зөвлөх С.Намжилмаа нар Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-д ажиллаж, паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.


Уулзалтын үеэр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар паркийн өнөөгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын орчин, үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх бодлого, цаашдын хөгжлийн зорилт, стратеги төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.



Мөн Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албаны Хот төлөвлөлтийн зөвлөх С.Намжилмаа тус бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үйлдвэрлэл, логистик, инженерийн дэд бүтцийн уялдаа холбоо, бүс нутгийн хөгжлийн бодлого болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгын талаар мэдээлэл өглөө.



Уулзалтаар Налайх дүүргийг үйлдвэрлэл, инноваци, бизнесийн хөгжлийн стратегийн төв болгон хөгжүүлэх, Үйлдвэрлэл, технологийн парк болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлүүдийг өргөн хүрээнд хэлэлцэв.


Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлэх, үйлдвэрлэлийн паркийн хөгжлийг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг бодит ажил хэрэг болгохын төлөө хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал болохыг талууд онцолж, цаашид мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан төсөл, санаачилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ.


Энэхүү уулзалт нь Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үндэсний үйлдвэрлэл, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих бодит боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой уулзалт боллоо.