БНСУ-ЫН SUNGHO GROUP КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТ АЖИЛЛАЛАА.
2026 оны долоодугаар сарын 30 5 үзсэн

БНСУ-ЫН SUNGHO GROUP КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТ АЖИЛЛАЛАА.


Бүгд Найрамдах Солонгос Улсын гангийн үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох SungHo Group-ийн Ерөнхийлөгч Сон Мён Иг тэргүүтэй төлөөлөгчид Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-д ажиллаж, паркийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц болон цаашдын хөгжлийн төлөвлөлттэй танилцлаа.


1994 онд үүсгэн байгуулагдсан SungHo Group нь 1,800 гаруй ажилтан, албан хаагчтай бөгөөд хаягдал төмөр дахин боловсруулах, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр БНСУ-ын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм.


Уулзалтын үеэр SungHo Group Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркт хаягдал төмөр дахин боловсруулах үйлдвэр болон гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах боломжийг судалж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр тал зөвхөн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэхээс гадна паркийн инженерийн дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.


Энэхүү айлчлал нь Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркт олон улсын хөрөнгө оруулалтыг татах, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хамтын ажиллагааны эхлэл болж байна.


Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк нь олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжин, Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.