АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026 оны зургаадугаар сарын 23 35 үзсэн

АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

ХБНГУ-ын Baruth Mark хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, Налайхын Хөгжлийн Корпорацийн захирал Д.Цэнд болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Гүйцэтгэх захирал Раднаабазар паркийн өнөөгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашдын хөгжлийн зорилго, төлөвлөлт болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдээлэл танилцуулга хийлээ.


Мөн ХБНГУ-ын Brandenburg мужийн Teltow-Fläming дүүрэгт байрлах Baruth Mark хот нь аж үйлдвэржилтийн хөгжлөөрөө тэргүүлэгч хотуудын нэг бөгөөд тус хотын дарга Peter Ilk 1994 оноос үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэрийн паркийн хөгжлийн түүх, хэрэгжүүлсэн бодлого, ололт амжилт, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцав.


Тэрээр аж үйлдвэрийн паркийн тогтвортой хөгжлийн үндэс нь төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэл, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлсэн бодлого, хувийн хэвшлийг тууштай дэмжсэн менежмент байсныг онцлон тэмдэглэлээ.


Уулзалтын үеэр талууд аж үйлдвэрийн парк хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн кластер бий болгох, дэд бүтэц болон хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав.


Уулзалтын төгсгөлд Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр Налайх дүүрэг нь аялал жуулчлал, үйлдвэрлэлд түшиглэсэн бие даасан хот болон хөгжих шилжилтийн үе шатандаа явж байгааг онцлон тэмдэглээд, энэхүү хөгжлийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний хөгжил, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал болохыг дурдлаа. Мөн цаашид туршлага солилцох, зөвлөн туслах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Энэхүү уулзалт нь Налайх дүүрэг болон Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн хөгжлийг олон улсын сайн туршлагаар баяжуулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой боллоо.