БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НҮТП ХК-Д АЙЛЧИЛЛАА
2026 оны наймдугаар сарын 13 3 үзсэн

БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НҮТП ХК-Д АЙЛЧИЛЛАА

БНХАУ-ын Гуандун ХХК, Хунань Луцү ХХК, Цэндү ХХК-ийн удирдлагууд Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-д хүрэлцэн ирж, Паркийн үйл ажиллагаа, өнөөгийн бүтээн байгуулалт болон цаашдын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа.


Уулзалтын үеэр НҮТП-ийн 2025–2040 оны хөгжлийн төлөвлөгөө, үйлдвэрлэл технологийн кластерын хөгжлийн чиглэл болон нэн шаардлагатай дэд бүтцийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, усан хангамжийн төсөлд хөрөнгө оруулах боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагч Д.Отгонсүрэн уулзалтад оролцож, Налуу-Ухаа ЭЗТБ-ийн хөгжлийн төлөвлөлт, НҮТП-тэй уялдуулан хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцууллаа.


Хөрөнгө оруулагчдын зүгээс хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын нөхцөл, төслүүдийн эдийн засгийн тооцоолол зэрэг асуудлыг сонирхож, цаашид шаардлагатай мэдээллийг харилцан солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.


Энэхүү уулзалт нь НҮТП-ийн стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн төслүүдийг олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаанд нээлттэйгээр хэрэгжүүлэх, Налайхын үйлдвэрлэл, технологийн бүсийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.


Налайх — Үйлдвэрлэл, технологи, хөрөнгө оруулалтын шинэ боломж.