НҮТП ХК-ИЙН ХАРЬЯА АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026 оны аравдугаар сарын 28 19 үзсэн

НҮТП ХК-ИЙН ХАРЬЯА АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн харьяа аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөллийг оролцуулсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд нийт 23 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, Паркийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл авч, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ солилцов.

Уулзалтад НҮТП ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, Налайх хотын хөгжлийн корпораци ОНӨААТҮГ-ын дарга Н.Цэнд, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.Өнөржаргал, НҮТП ХК-ийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцож, аж ахуйн нэгжүүдийн асуултад хариулан, мэдээлэл өглөө.


ПАРКИЙН ХӨГЖИЛ, ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Уулзалтын үеэр Паркийн дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, гадаад, дотоодын байгууллагуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулав.

Мөн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн болон бусад нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар санал солилцлоо.


ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

Зөвлөгөөний үеэр аж ахуйн нэгжүүдээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан татварын хөнгөлөлт, бусад дэмжлэгийг бодитоор эдлэхэд тулгарч буй хүндрэлүүдийг онцлон хөндлөө.

Тухайлбал, хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдахтай холбоотой зөвшөөрөл, шийдвэр гаргуулах үйл явц удаашрах, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ) зэрэг баримт бичгийг боловсруулах, батлуулахад хугацаа их зарцуулж байгаа нь үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтаа төлөвлөхөд хүндрэл учруулж байгааг төлөөллүүд илэрхийллээ.

Иймд хуульд заасан хөнгөлөлт, дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зөвшөөрөл, шийдвэр гаргах үйл явцыг шуурхай болгох, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг оролцогчид онцолсон юм.


ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Цаашид НҮТП ХК нь аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлт, бодит хэрэгцээнд тулгуурлан тулгамдсан асуудлыг судалж, холбогдох байгууллагуудад уламжлах, эрх зүйн орчныг сайжруулах санал санаачилга гаргах, дэд бүтцийн хөгжил болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллана.

Мөн Паркийн ерөнхий төлөвлөлт, аж ахуйн нэгжүүдийн байршил, орц, гарц, авто зам, тэмдэг тэмдэглэгээ, гадна орчны тохижилтын асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэж, аж ахуйн нэгж бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарна.

Энэхүү уулзалт, зөвлөгөөн нь Паркийн удирдлага болон үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

НҮТП ХК нь үйлдвэрлэл эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн ажиллана чиг үүрэг өгөгдлөө.