“100 АЙЛ”-ЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР СУДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд “100 айл” буюу СБД-ийн 10, 11, 12 дугаар хороонд төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлээр шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөллүүд багтсан. Ажлын хэсгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж байна.

Өнөөдөр /2022 оны 02 сарын 25-ны өдөр/ тус ажлын хэсэг хуралдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд Паркийн дарга С.Батжаргал тус паркийн дэд бүтцийн ажлын явцын талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн 13 га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөсөн. Нэг үйлдвэр 0.5 га талбай ашиглахаар тооцвол 6.3 га ашигтай талбайд нийт 20 орчим үйлдвэр байх боломжтой. Өнөөдрийн байдлаар 100 айлд үйл ажиллагаа эрхэлдэг 10 орчим аж ахуй нэгж тус парктай үйл ажиллагааны гэрээ байгуулаад байна” гэв. Мөн одоогийн байдлаар Паркийн цахилгаан хангамжийн ажлын явц 30 хувьтай байгаа аж. Тиймээс эхний ээлжид 100 айлд цемент, арматур төмрийн үйлдвэрлэл эрхлэдэг ААН-үүдийг нүүлгэх боломжтойг хэллээ.

Тус хуралдааны дүгнэлтээр, дэд ажлын хэсэг байгуулах, дараагийн удаа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр ажиллана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Г.Төгөлдөр онцолж байсан бөгөөд зөвхөн улс, нийслэлийн төсөвт найдах бус, олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагууд болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэйг дурьдлаа.