ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ, ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Өнгөрөгч амралтын өдөр буюу 05 сарын 04-ний өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллалаа.
Тэрбээр замын ажилтай танилцсаны дараагаар Барилгын материалын үйлдвэр, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, одоогийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид зарим бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлуудын талаар Налайх дүүргийн болон паркийн удирдлагуудтай ярилцсан юм. Түүнчлэн паркт үйл ажиллагаа явуулж байгаа, хаягдал хогоор хөнгөн цагааны хайлш үйлдвэрлэдэг компани болон удахгүй нээлтээ хийгээд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 5 сая хүн амтай хотыг барилгын хар цагаан замаск, будаг, бүх төрлийн эмульс гээд шаардлагатай зүйлсээр хангах боломжтой үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцав.
Үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд ямар асуудал тулгамдаж байгааг үйлдвэрлэл эрхлэгчдээс асуухад паркт дэд бүтэц тэр дундаа эрчим хүчний асуудал тулгамдаад буйг Хотын захирагчид уламжилж байлаа. Тиймээс энэ асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг гацаахгүй байх, Налайх дүүрэгт тулгамдаж буй томоохон асуудал болох ажилгүйдлийг бууруулах үүднээс үйлдвэрүүдэд дүүргийн ажилгүй иргэдийг ажиллуулахыг холбогдох хүмүүст мөн үүрэг болгов.
Тус паркийн 4.67 км авто замын ажил ирэх наймдугаар сард дуусна гэдгийг Хотын захирагчид энэ үеэр мэдэгдлээ.