Энэ долоо хоногт Налайх дүүрэг, тус дүүргийн барилгын материал үйлдвэрлэл технологийн парк болон энд үйл ажиллагаа явуулах гэж байгаа 15 үйлдвэрийн удирдлагууд уулзалт хийж гурвалсан гэрээ байгууллаа. Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч. Раднаабазар,Засаг даргын орлогч С.Тунгалаг, НБМҮТП-ийн дарга С.Батжаргал, ТХХХ-ийн дарга Н.Пүрэвсүрэн, инженер Г.Пүрэвдорж нар оролцжээ.
Энэхүү гэрээ нь төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
НБМҮТП-ын дарга С.Батжаргал хэлэхдээ ” 4-р сарын 15-аас үерийн далан, авто замын ажил эхэлнэ. Бид үлдсэн дэд бүтцийн ажлын асуудлыг шийдвэрлэхэд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэж онцоллоо. Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ “Дүүргийн эдийн засгийн гол хөшүүрэг болох НБМҮТП-т байрших үйлдвэрүүдийг бүхий л талаар дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Одоогоор паркийн эхний ээлжийн үйлдвэрт Налайх дүүргийн 50 орчим иргэнийг тогтмол цалинтай ажлын байраар хангаад байгаа бөгөөд 4-р сарын 15-аас эхлэх үерийн далан, авто замын ажилд дүүргийн иргэдийг ажиллуулахаар бүртгэж байгаа юм байна.