БНСУ-ЫН V WORLD KOREA КОМПАНИЙН ДУЛААНЫ СТАНЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2023 оны 04 сарын 11-13-ны өдрүүдэд Паркийн дарга С.Батжаргал БНСУ-ын Сөүл хотод байрлах V World Korea компанийн дулааны станцтай танилцаж, туршлага судаллаа. Уулзалтад V World Korea компанийн Ерөнхийлөгч Moon Jae Hwa, V World Construction компанийн Гүйцэтгэх захирал Suh Yong Suk нар байлцаж, дулааны станцын хүчин чадал, үйлдвэрийн горим, технологийн талаар мэдээлэл өгсөн.

V World Korea ХХК нь 2005 онд анх барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд, 2017 оноос гадаад худалдаа, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, иргэний инженеринг, газын хоолойн үйлдвэрлэл, угсралт, цахилгаан болон дулааны станцын барилга угсралт зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, 2020 оноос Монголд салбар компаниа нээн ажиллаж байгаа юм.

Тус компани нь 2012 оноос хойш Нигери, Орос, Монгол зэрэг улсуудад газын хоолой, цахилгаан станц зэргийг барьж байсан туршлагатай.

4 сарын 12-ны өдөр очиж танилцсан дулааны станц нь хог хаягдлыг дахин боловсруулж, газ, дулаан болон эрчим хүч гарган авах технологи бүхий, 10мВ-ын хүчин чадалтай шинэ дэвшилтэт станц юм.

Уг компани нь Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парктай хамтран, Паркийн 120 га талбай дахь 40-50 үйлдвэрийг бүрэн хангах дулааны станц барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Дараагийн уулзалтыг 2023 оны 04 сарын 24-ны өдрүүдэд Монголд хийхээр товлож, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар шийдвэрлэсэн байна.