Барилгын салбарын үйлдвэрлэгчдэд чадавхиа бэхжүүлэх боломж бүрдлээ

“Дахин боловсруулах”, “Нөхөн сэргээх”, “Хүрээлэн буй орчинд ээлтэй” зэрэг “эко” нэр томъёонууд сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой Хөгжлийн Зорилт-2030” Монгол улсын засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөгжлийн бодлого, манай паркийн хэтийн төлөвлөгөө ч эдгээр чиг хандлагуудтай нягт уялдаж байна. Паркад үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нөөцийн үр ашигтай байдал, тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой сургалтыг НБМҮТП Каритас Чех Репаплик байгууллагатай хамтран 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн МСҮТ дээр паркад үйл ажиллагаа эрхлэгч үйлдвэрүүдийн ажилтнуудын дунд зохион байгууллаа.
Уг сургалтын хүрээнд оролцогчид хог хаягдлын менежментийн сайн туршлага, тухайлбал хог хаягдлыг хэрхэн багасгах, дахин ашиглах, нөөцийн тогтвортой аргаар хэрэглэх талаар судлахын зэрэгцээ хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахад олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг судалсан юм. Дахин боловсруулах салбарт Европтоо төдийгүй дэлхийд тэргүүлдэг Нидерланд улсад барилгын хог хаягдлыг ялгаж ангилах, нийт хог хаягдлыг бууруулах, хүрээлэн буй орчин болон нийгэмд ээлтэй, үр дүнтэй стратегиудийг боловсруулж, барилга болон барилга буулгалтын компаниуд үүнийг нь амжилттай хэрэгжүүлээд олон арван жил болж байна.
Онолын хэсэг, лабораторийн ажил, практик дадлага гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн уг сургалтын үеэр ДТИС-ийн эрдэмтэн, профессорууд олон шинэ технологийг танилцуулсан юм. Тухайлбал лабораторийн сургалтаар хуучин барилгаас гарсан бетон, эвдэрсэн тоосго гэх мэт хаягдлыг буталж, ширхэгээр нь дахин ашиглах боломжтой байдлаар нь шууд ялгаж, ангилдаг шинэ технологи болох ADR (Advanced Dry Recovery ) тоног төхөөрөмжийг ашиглах туршилтыг хийсэн байна. Энэ мэтчилэн технологийн шилдэг хөгжлөөс суралцах зүйл сургалтанд оролцогчдод их байлаа.
Хотжилт тэлж, хүн амын өсөлт эрчимтэй явагдаж буй манай улсад дэвшилтэт техник, технологи, аргуудыг нэвтрүүлж, орчин үеийн чиг хандлагатай мөр зэрэгцэх, байгаль, хүрээлэн буй орчин, олон нийтэд ээлтэй орчинг бий болгох хэрэгцээ зайлшгүй бий болж, бид шийдлийг бодит ажил болгох шаардлага тулгарч байна.
Төслийн хүрээнд цаашид олон үйл ажиллагааг зохион байгуулах ба төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтарч ажиллахыг сонирхсон талууд Каритас Чех Репаплик байгууллага болон НБМҮТПаркийн мэргэжилтэнүүдтэй холбоо барих боломжтой.