ПАРКИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Парк нь Барилга хот байгуулалтын яам болон “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөлтэй хамтран Европын Хөрөнгө Оруулалтын Банкны зээлээр Цэвэрлэх байгууламж, Дулааны станц, Инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд, уг төслийн Ерөнхий инженер н.Жанлавцогзол, Дулааны инженер н.Цолмон, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн Дарга С.Батжаргал, Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн, Инженер Б.Гансүх зэрэг бүрэлдэхүүнтэйгээр 4 дэх уулзалтаа зохион байгууллаа.
Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт эхлэж, үйл ажиллагаагаа явуулахад хамгийн түрүүнд нэн шаардлагатай байгаа 1000м3/хоногийн хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах асуудлыг нэгт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний араас 26мВт-ын хүчин чадалтай дулааны станц, Паркийн олон нийтийн барилга байгууламж болон 50 үйлдвэрийг хангах инженерийн шугам сүлжээ, цэвэр усны 400м3-ийн 2 усан сан, техник болон галын 200м3 2 усан сан бүхий усан хангамж зэрэг дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна.
Паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдсэнээр Паркийн нэгжээр орсон үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоотой болох бөгөөд ингэснээр Налайх дүүргийн 1000 иргэн ажлын байраар хангагдах боломжтой болох юм.