2022 оны 08 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд НБМҮТПаркийн удирдлага болон инженерүүд дэлхийн улс орнуудад жишиг болсон БНСУ-ын томоохон үйлдвэрлэгч байгуулагуудын үйлдвэрлэл, шинэ дэвшилтэт техник технологитой танилцах, туршлага судлах, үйлдвэрлэлийн процессыг газар дээр нь үзэх, паркад нутагшуулж болохуйц үйлдвэрлэлийг татан оруулж ирэх, гэрээ байгуулсан БНСУ-ын хөрөнгө оруулалт бүхий компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилго бүхий айлчлалыг зохион байгууллаа.
Тус ажлын айлчлалаар “V World Korea”, “Дүүсан эрчим хүч”, “Sungsin metal industrial”, “JNP BIO” ХХК болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Мөнх Майнинг” ХХК зэрэг ААН, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.
“V World Korea” Co.,Ltd нь 2005 онд “КМ барилга” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 онд “V World Korea” ХХК болон нэрээ өөрчлөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тус компани нь уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтөөс шалтгаалсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид түшиглэсэн үйл ажиллагаа явуулах, дотоодын байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, холбогдох төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компани юм. Газын хоолойн үйлдвэрлэл, барилгын технологид тулгуурлан Монгол орны агаарын орчныг сайжруулахын тулд хамгийн шилдэг технологи, туршлагаар газын хоолойн төсөлдөө цагираг хэлбэрийн холболтын аргыг боловсруулсан. Тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын байгалийн хийн хоолойн төслийн эдийн засгийн баталгааг хангах, барилгын ажлын хугацааг богиносгох зорилгоор тогтвортой, чанараа алдахгүй бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлнэ. Дэлхийн хамгийн шилдэгт тооцогдох технологи болон чанарыг хангаж илүү олон технологийг хөгжүүлэх болно. Ирээдүйд улс орон бүрийн нөхцөл байдлыг харгалзан технологийн тасралтгүй хөгжлийг туршиж, үүн дээр тулгуурлан хамтдаа хөгжиж явна гэсэн үндсэн зорилгоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парктай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж өөрийн компани болон хамтран ажиллагч байгууллагуудаа танилцуулахаар паркийн удирдлага, албан хаагчдыг урин хүлээн авсан.
Мөн “V World Korea” ХХК-ийн хамтран ажиллагч Дүүсан Эрчим хүч компанитай танилцах, үйлдвэрлэлийн процессийг үзэж судлах, уулзалт зөвлөгөөн хийсэн.
Дүүсан эрчим хүч нь 1962 онд үүсэн байгуулагдсан машины тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм. Тус компани нь одоогийн байдлаар 4 төрлийн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа бөгөөд үүнд:
– Хийн турбины үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд анги
– Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд анги
– Устөрөгчийн эрчим хүчний
– Жижиг модульчлагдсан реакторууд /Дараагийн үе болох цөмийн цахилгаан станц/ багтдаг.
Дараагийн өдөр “V World Korea” ХХК-ийн төв оффист уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд паркийн дэд бүтцийн ажил болох дулааны станцын асуудлаар санал солилцсон бөгөөд цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах боломжийн талаар сонирхсон асуултуудад асуулт хариулт авч мэдээлэл солилцсон. Мөн тус компанийн амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн талаар мэдээлэл авч тусгай зөвшөөрлүүдтэй танилцсан.
Мөн өдөр Сөүл хотоос 58 км-ийн зайд орших Гимпо хотод баригдаж буй Сөүл хот, Гёнги аймгийн баруун бүсийг дулаан эрчим хүчээр хангах Дүүсан эрчим хүч группийн хэрэгжүүлж буй 500мб-ийн хүчин чадал бүхий газан дулааны станцын барилга угсралтын ажилтай танилцсан.
Сөүл хотоос 210км зайд Чүнчоннам аймгийн Гимсан хотод байрлах Sungsin metal industrial ХХК-д зочилж үйлдвэрлэлийн процесстой танилцсан. Тус компани нь 1990 онд үүсгэн байгуулагдсан жилд 7800 тонн төмрийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, БНСУ-даа дээгүүр ордог ган цутгамал бүтээгдэхүүний үйлдвэр юм. Голчлон ган цутгамал бүтээгдэхүүн, усан онгоцны эд анги, үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн эд анги, төмөр замын эд ангийг үйлдвэрлэдэг. БНСУ-ын Хюьндай, Поско, Флутек, Японы Мицубиши үйлдвэрүүдэд тоног төхөөрөмж болон автомашины эд ангиудыг нийлүүлдэг. БНСУ, Япон, АНУ, Хятад, Итали зэрэг орнуудад бүтээгдэхүүний дээжээ хүргүүлэн баталгаажсан сертификатыг авсан байна.
Дараагийн өдөр Парктай гэрээ байгуулан ажиллаж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Мөнх Майнинг” ХХК-ийн удирдлага, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчтай уулзаж тус компанийн цаашдын төлөвлөлт, Солонгос дахь үйл ажиллагааны явцтай танилцаж, мэдээлэл авсан. Мөн хөрөнгө оруулалтаа хурдан шийдэж үйлдвэрлэлийн барилгын ажлаа хийх, цаашлаад үйлдвэрлэлээ хурдан эхлүүлэх шаардлагыг тавьсан.
Мөн Паркад үйл ажиллагаа явуулах, паркийн нэгжээр элсэх хүсэлтээ 3 дугаар сард ирүүлсэн “JNP BIO” Co.,Ltd компанийн ТУЗ-ын дарга Пак Чол Жүн-тэй уулзалт хийсэн. Тус компанийн удирдлагууд 9 дүгээр сард Монгол Улсад ирэхдээ компанийнхаа үйл ажиллагааны танилцуулга, паркт байгуулах хүсэлтэй байгаа будгийн үйлдвэрийн төслийг дахин танилцуулахаар ярилцаж тохирсон.