2025 оны 01 сарын 08-ны өдөр Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн дарга Ч.Раднаабазар, Туркийн Хамтын ажиллагаа, Зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын Зохицуулагч Ноён Муслу Алитай уулзалт хийлээ.
Уг уулзалтаар 2 талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцээр хийсэн бөгөөд Паркийн сургалтын өрөөг тохижуулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх тал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадсан байна. Тус сургалтын өрөөг иж бүрэн тохижуулснаар Паркийн нэгж үйлдвэрүүд төдийгүй Налайх дүүргийн төрийн болон хувийн байгууллагууд бүх төрлийн сургалтын үйл ажиллагааг, техник технологийн өндөр чанар бүхий орчинд зохион байгуулах боломж бүрдэх юм. Ноён Муслу Али 2025 оны 02 сарын эхээр Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцахаар айлчлан ирэхээр шийдвэрлэсэн байна.
Туркийн Хамтын ажиллагаа, Зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр орны найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан. Тус газар нь техник туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар эдийн засаг, технологи, дэд бүтэц, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсад 840 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан байна.
Манай парк нь Налайх дүүргийн иргэдийг ажлын байраар хангах, иргэдийн ажиллах таатай орчинг бүрдүүлж, сургалт хөгжүүлэлт хийх, ахлах ангийн сурагчдад үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын процессийг танилцуулж тэдний ирээдүйн мэргэжил төлөвлөлтөнд суурь мэдлэгийг өгөх, мэргэжилтэн бэлтгэж мэргэшүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулан ажиллаж байна. Бид дүүргийн иргэдийн ажиллаж амьдрах орчин, амьдралын чанарыг сайжруулах, бодит орлоготой болгох боломж бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн бөгөөд паркийн дэргэдэх сургалтын танхим, спорт заал, гадна тохижилт, хүлэмжийн ажлыг бүтээн байгуулахаар төлөвлөсөн.
Цаашдаа Паркийн гадаад харилцааг эрчимжүүлж, Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах талаар олон талт арга хэмжээ зохион явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад өөрсдийн танилцуулга хүргүүлэх, гадаад улс орны Үйлдвэрлэл, технологийн паркуудтай танилцаж туршлага судлах, бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой, дэд бүтэц, үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх боломжтой төрийн болон хувийн, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна.