2024 оны 10 сарын 21-ны өдөр Налайх паркийн Дарга С.Батжаргал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн О.Чулуун-Эрдэнэ тэргүүтэй албан хаагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод байрлах “Horinger Олон улсын Хөдөө аж ахуй, Хүнсний парк”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус парк нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 100 хувь Засгийн газраас санхүүждэг төрийн байгууллага юм.
Одоогоор тус паркт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, малын тэжээл, байгаль орчинд ээлтэй нөхөн сэргээлтийн чиглэлийн ургамал тариалалт, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг чиглэлүүдээр үйлдвэрүүд байршаад байгаа бөгөөд БНХАУ-ын хамгийн том сүүний үйлдвэр болох Mengiu үйлдвэрийн салбар ажилладаг юм байна.
Паркийн нэгжээр орсон үйлдвэрүүдийг 1999 оноос хойш 2024 оны 08 сар хүртэлх хугацаанд газрын төлбөр болон бусад бүх төрлийн албан татвараас бүрэн чөлөөлж байсан бөгөөд дээрх хугацаанд 15780 га газарт үйлдвэрүүдийг төлөвлөж, цахилгаан станц, дулааны станц, цэвэрлэх байгууламж, авто зам зэрэг бүх төрлийн дэд бүтцээр бүрэн хангаж ажилласан байна.
Одоогийн байдлаар тус Паркийн эхний ээлжийн төлөвлөлт бүрэн дууссан бөгөөд хоёрдугаар ээлжинд 37060 га газрыг Паркийн өргөтгөл болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
НБМҮТП нь цаашид Horinger ХАА, хүнсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, туршлага судлаж ажиллахаар боллоо.