2024 оны 05 сарын 02-ны өдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Эрдэнэс ҮТП” ХХК-иас “Үйлдвэрлэл, технологийн паркийн өнөөгийн нөхцөл байдал ба Алсын хараа” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Форумыг нээж ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нар үг хэлж, илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Уг хэлэлцүүлгийг стратегийн ордуудыг урт хугацаанд тогтвортой, иж бүрэн ашиглах, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олон улсын сайн туршлага, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, дараагийн шатны боловсруулах үйлдвэрийг байгуулахад инженерүүдийн шийдлийг тусгах үндсэн зорилтын хүрээнд зохион байгуулж байна.
Оролцогчид “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратегид тусгасан үйлдвэрлэл, технологийн парк байгуулах 6 байршлаар хуваагдан, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнд: “Эрдэнэт” ҮТП-т Зэс боловсруулах цогцолбор, “Хөтөл” ҮТП-т Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор, “Дархан” ҮТП-т Ган үйлдвэрлэлийн цогцолбор, “Багануур” ҮТП-т Хүнд үйлдвэрлэлийн цогцолбор, “Бор-Өндөр” ҮТП-т Жонш баяжуулах үйлдвэрлэлийн цогцолбор, “Таван толгой” ҮТП-т Нүүрс баяжуулах үйлдвэрлэлийн цогцолбор тус тус юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:
“Үйлдвэрлэл технологийн парк нь нэг талаас Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
Нөгөө талаас “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратегит бүрэлдэхүүн компаниудын ирээдүйн бизнесийн өсөлт хөгжлийг хангах гол цөм хэсэг болж орж ирж байгаа. Мөн хувийн хэвшлийн компаниудад боломж, гарцуудыг нээж байгаа юм” гэдгийг онцлон дурьдсан.