”УЛААНБААТАР БҮК” ХК, “НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК” ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

“УЛААНБААТАР БҮК” ХК нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна.

“УЛААНБААТАР БҮК” ХК нь цайр болон метал хийц эдлэл стандартын шаардлага хангасан өндөр чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор Парктай хамтран ажиллах санал тавин 2022 оны 09 сарын 30-ний өдөр уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад УБ БҮК ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхөө, ТУЗ-ийн гишүүн Громов Сергей Борисович Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн дарга С.Батжаргал, ахлах Н.Пүрэвсүрэн, ерөнхий инженер Б.Батбилэг нар оролцсон бөгөөд уулзалтаар паркийн дэд бүтцийн нэг болох 10,2 км урттай төмөр замын ажил дээр хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Парк-д металл хийц эдлэл боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар сардаа 1000тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд том оврын хүнд жин бүхий хийц үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг цех рүү оруулах, бэлдцийг технологийн дамжлагын машин хооронд шилжүүлэх, нарийвчилсан хэмжилт тэмдэглэгээ, зүсэлт хийх, нэгтгэх, гагнах, өрөмдөх буюу технологийн болон бэхэлгээний нүх гаргах, марклах, гадаргуун өнгөлгөө будаг хийх зэрэг боловсруулалтын ажилбаруудыг гүйцэтгэх, хадгалалт, тээвэрлэлтэд ачих, буулгах зэрэг технологийн бүх шат дамжлагад шаардлагатай нөхцөл бүрдүүлэн ажиллах боломжтой. Ингэснээр бид төмөр каркасан барилга, төмөр гүүр, гүүрэн краны зам, цахилгаан дамжуулах шугамын ган тулгуур, зэрэг том оврын төмөр хийц эдлэлийг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэнэ.