2025 оны 01 сарын 28-ны өдөр Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 сарын 04-ны өдрийн 24/17 тоот тогтоолоор Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилсон бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд:
- З. Төмөртөмөө /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч/
- Д.Наянбаяр /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга/
- С.Сүхбат /Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга/
- Д.Батзориг /Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга/
- Л.Эрдэнэбадрах /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/
- Д.Баялагцэнгэл /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн бодлого зохицуулалтын хэлтсийн Хууль тогтоомж, эрхзүйн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн/ нар тус тус байна.
Анхдугаар хурлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч З.Төмөртөмөө 100 хувийн саналаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон бөгөөд мөн тус хурлаар Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирлаар НҮТП-ийн дарга Ч.Раднаабазарыг томилж, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар НҮТП-ийн Захиргааны ажилтан Д.Номин-Эрдэнэ томилогдсон байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, НҮТП-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга З.Төмөртөмөө цаашид паркийн үйл ажиллагааг зөвлөлийн гишүүд гар нийлэн дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд тус парк нь бүрэн ашиглалтад орсноор Монгол улсын хэмжээнд барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт томоохон хувь нэмэр оруулна гэдгийг дурьдсан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат хэлэхдээ, Налайхын үйлдвэрлэл, технологийн парк нь Монгол улсын хэмжээнд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа парк гэдгийг онцолсон бөгөөд яамны зүгээс бүх талаар дэмжиж ажиллах төдийгүй, цаашдын үйл ажиллагааг нэг шат ахиулах ёстой гэдгийг тэмдэглэлээ.
Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар паркийг цаашид хөгжүүлэхэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн тэргүүний шаардлагатай болохыг онцлон дурьдсан бөгөөд цаашдаа паркийн үйл ажиллагааг дэлхийн жишигт гаргаж, гэрээт аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Монгол улсын барилгын материалын салбарын 70 хүртэл хувийг хангаж ажиллах бүрэн бололцоо байгааг илэрхийллээ.