ПАРКИЙН НЭГЖ ЭЛЕКТРОКЕМ МОНГОЛ ХХК НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024 оны 03 сарын 26-ны өдөр Налайх паркийн нэгж Электрокем Монгол ХХК-ий нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Уг компани нь та бүхний ашиглаж дууссан хар тугалганы батарейг дахин боловсруулж, аюултай хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ шинэ батарейны үйлдвэрлэлд ашиглагдах 99,97+ цэвэршил бүхий хар тугалгыг гарган авдаг бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон технологи бүхий дэлхийн жишиг үйлдвэр юм.
Тус үйлдвэрийн нээлтэд Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайхын Барилгын материалын Үйлдвэрлэл технологийн паркийн дарга С.Батжаргал тэргүүтэй зочид төлөөлөгчид уригдан очсон.
Үйлдвэрийн нээлтийг Электрокем Монгол ХХК-ий гүйцэтгэх захирал Ө.Одонсүрэн хийж, нээлтийн үгийг хэлсэн бөгөөд хар тугалга нь олон улсын хэмжээнд агаарын бохирдлын дараа орох байгаль орчинд хор хөнөөл бүхий хортой нэгдэл гэдгийг дурьдаад, уг үйлдвэр нь байгуулагдснаар Монгол Улсын хэмжээнд хаягдаж буй нийт хаягдал батарейг дахин боловсруулах хүчин чадал бүхий дэлхийн хэмжээнд жишиг болохуйц, байгаль орчинд хоргүй үйлдвэр болох юм гэдгийг онцлон дурьдлаа.
Үүний дараа ЗТХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэхдээ, “Монгол Улс үйлдвэрлэгч орон болж байж хөгжинө” гэдгийг дурьдаад, уг үйлдвэр байгуулагдахад орсон Налайхын Барилгын материалын Үйлдвэрлэл технологийн Паркийн хувь нэмрийг онцлон, Үйлдвэрлэл технологийн паркуудын тухай хууль батлагдсанаар Паркт байрших үйлдвэрүүдэд олон давуу тал бий болж буйг онцоллоо.
Мөн Электрокем Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ганболд үйлдвэрлэлийн технологийн дэс дараалал, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, үйлдвэрийн анхны дамжлагыг эхлүүлэх нээлтийн товчийг дарж, үйлдвэрийг албан ёсоор ажиллуулсан.
Тус үйлдвэр нь
– Бутлах, ангилах
– Хүчил саармагжуулах
– Хайлах
– Цэвэршүүлэх
– Цутгах гэсэн нийт 5 шат дамжлагатай бөгөөд эцсийн бүтээгдэхүүнээр 99,97-с дээш хувийн цэвэршилттэй, Олон улсын чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан цэвэр хар тугалга боловсруулан гаргах юм.
Үйлдвэрийн явцад ялгарах хорт утаа, тоосжилтыг бүрэн цэвэрлэж, агаар болон хөрсний бохирдолгүй ажиллах ногоон технологи бүхий дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр ийнхүү ашиглалтад орлоо.