ПАРКАД БАЙРШИХ САНАЛАА ӨГСӨН БАРИЛГЫН МАТЕРИАЛҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НБМҮТП-ийн ажилтай танилцаж эхний ээлжийн үйлдвэрийг ашиглалтанд оруулах үүрэг даалгавар өгсөний дагуу НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан, Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, БХБЯамны барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цэрмаа, Нийслэлийн үйлдвэр инновацийн газрын парк хариуцсан мэргэжилтэн Ц.Төмөрбаатар мөн Паркад байрших саналаа өгсөн 12 компаний төлөөлөл болон НБМҮТП-ын дарга С.Батжаргал нар оролцож санал бодлоо солилцлоо.

Уулзалтаар барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөлт болон үйлдвэрүүдэд тавигдах ерөнхий шаардлага болон төслөө ирүүлсэн зарим үйлдвэрийн талаар мэдээлэл солилцлоо.

Төлөвлөлтөөр жижиг дунд үйлдвэрлэлийн бүс, ханын материал үйлдвэрлэлийн бүс, үйлдвэр үйлчилгээний бүс, ган хийц эдлэлийн үйлдвэрийн бүс, инженер хангамжийн бүс, тээвэр ложистикийн бүс, төмөр бетон хийц эдлэлийн бүс, олон нийт үйлчилгээний бүс гэсэн үйлдвэрийн хэсгүүдтэй байх бөгөөд энд байгуулах үйлдвэрүүд нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх, тухайн үйлдвэрийн 30 хувьд ногоон байгууламж байгуулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм. Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк нь ажиллаж эхэлвэл 2020 он гэхэд үйлдвэрлэлийн өсөлт Улсын хэмжээний барилгын материал үйлдвэрлэл -1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэх юм. Мөн тооцооллоор зөвхөн үйлдвэр технологийн паркийн хэмжээнд 1500 гаруй ажлын байр шинээр бий болно.