2024 оны 01 сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн дарга С.Батжаргал, Ерөнхий инженер Б.Батбилэг нар паркийн үйл ажиллагаа болон нэн шаардлагатай байгаа тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.
Тус уулзалтаар Налайх паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын явц, шаардлагатай хөрөнгө оруулалтын мэдээтэй танилцаж, цаашид нэн шаардлагатай байгаа Цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөх тал дээр ажиллахаа илэрхийлсэн.
Мөн Мэдээлэл холбооны сүлжээний барилгын хөрөнгө оруулалтыг Налайх дүүргийн зүгээс шийдвэрлэх боломж байгаа эсэхийг Ч.Раднаабазар даргатай хэлэлцлээ.
Уулзалтын 2 дугаар хэсэгт Налайх паркт нэгжээр орсон үйлдвэрүүдийн мэдээлэлтэй танилцаж, Нийслэл хотын зүгээс Паркийн нэгж үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авалт хийж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уг уулзалт нь зөвхөн танилцах, мэдээлэл солилцох төдийгүй, олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үндсэн зорилттой байснаараа онцлогтой бөгөөд нэлээн үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байна.