2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК (Nalaikh ITP LLC) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд бизнесийн бодлогын хүрээлэн (KISME) хооронд харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) үзэглэлээ.

Энэхүү санамж бичиг нь Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Паркийг төлөвлөх, хөгжүүлэх, олон улсын түвшинд сурталчлах, хөрөнгө оруулалт татах, аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааны ноу-хау солилцох зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх эрхэм зорилготой юм.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллах юм:

• Nalaikh ITP-ийн шат дараалсан хөгжлийн иж бүрэн мастер төлөвлөгөөг боловсруулж, дэд бүтэц болон газрын ашиглалтын бүсчлэл, тогтвортой төлөвлөлтийн элементүүдийг тусгана.

• Монгол болон гадаадын компаниуд, ялангуяа БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтыг татах стратеги, хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулах.

• Nalaikh ITP дотор зөвхөн БНСУ-ын компаниудад зориулсан “K-Zone” бүс байгуулах судалгаа болон техникийн үндэслэл боловсруулах.

• БНСУ, Сингапур зэрэг улсуудад амжилттай хэрэгжиж буй аж үйлдвэрийн цогцолборын удирдлагын дэвшилтэт загваруудыг Монголын нөхцөлд тохируулан нутагшуулах.

• Аж үйлдвэрийн паркийн хөгжүүлэлт, удирдлага, хөрөнгө оруулалт татахтай холбоотой зөвлөх үйлчилгээ болон чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.

• Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн цэвэрлэх байгууламж, лаборатори, сургалт, судалгааны төвийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах.

• Оюутан, ахлах ангийн сурагчдыг харилцан солилцох, үйлдвэрлэлийн дадлага болон мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах.

Энэхүү санамж бичгийн хэрэгжилт нь Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн хөгжлийг олон улсын түвшинд ахиулах, Монгол Улсад орчин үеийн аж үйлдвэрийн бүс байгуулахад бодитой хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *