Парктай хамтран ажиллах хүсэлт гаргаад байгаа Ивтекс ХХК нь 2023 оны 05 сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулагчидын хамт НБМҮТПаркийн үйл ажиллагаатай танилцахаар ирлээ.
Тус үйлдвэр нь хаягдал дугуй жижиглэн, дахин боловсруулж, резин хавтан үйлдвэрлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд байгаль орчинд үзүүлэх нөлөө хамгийн бага байхаар БНХАУ-аас туршлага судлаж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд жилд 1,3 сая тонн хог хаягдал үүсдэг бол жил бүр 10000 тонн орчим дугуй хаягддаг гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс уул уурхайн олборлолт тээвэрлэлт хийдэг хүнд машин механизмын дугуйн хаягдал 7000 тонн, бусад жижиг автомашины дугуйн хаягдал 3000 тонн байдаг бөгөөд 1 дугуйн байгальд шингэх хугацаа нь 120-140 жил байдаг байна.
Уг үйлдвэр нь ашиглалтад орвол 10кВ-ын цахилгаан эрчим хүч, жилд 2000тн ус зарцуулах төлөвлөлттэй бөгөөд саарал усаа дахин ашиглах технологитой юм.
Мөн тус үйлдвэр нь дэргэдээ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад нэн шаардлагатай байгаа цэвэрлэх байгууламжийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болох тухай дурьдлаа.
Хаягдал дугуй дахин боловсруулах үйлдвэрийг барихад Паркийн зүгээс нэн тэргүүний тулгамдаж байгаа зүйл нь үндсэн цахилгаан хангамжийн асуудал бөгөөд одоогийн байдлаар 110/10кВ-ын цахилгаан станцын бүтээн байгуулалт 30%-тай явагдаж байна.