ДҮҮРГИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХЭСЭГ ПАРКИЙН ҮЙЛДВЭРҮҮД ДЭЭР АЖИЛЛАЛАА

Налайх дүүргийн Засаг даргын 190-р захирамжийн хүрээнд Үйлдвэрлэл явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг 2024 оны 07 сарын 29-ны өдөр НБМҮТП дээр ажиллалаа.

Тус ажлын хэсгийг Дүүргийн менежер ахалж, бүрэлдэхүүнд Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, хороодын албан хаагчид оролцсон бөгөөд Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуй нэгжид Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Татварын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, үйлдвэрийн батлагдсан ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, бичиг баримтын бүрдэл, хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, шаардлагатай тохиолдолд хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

Ажлын хэсэг Паркийн нэгж болох Пийс стийл групп ХХК, Эко минерал ХХК, Электрокем Монголиа ХХК, Айвуун аргалант ХХК зэрэг аж ахуйн нэгжтэй танилцаж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, ус ашиглуулах дүгнэлт, гэрээ, бохирын усны гэрээ, гамшгаас сэргийлэх төлөвлөгөө, хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээ зэрэг бичиг баримтын бүрдлийг шалгаж, ажлын байр, ажиллах хүчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдал, камержуулалт, цахилгааны сүлжээний монтаж зэрэгт хяналт тавьж, зөвлөгөө мэдээлэл өглөө.