2024 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд Паркийн дарга С.Батжаргал, Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн нар TDCC ХХК-ын урилгаар БНХАУ-ын Хэбэй мужийн Ламфан-Шэйнхуй хотын барилгын материалын үйлдвэрүүдтэй танилцан, шинэ дэвшилтэт технологийн туршлага судлаж ажиллалаа.
Тус компанийн хятад талын хөрөнгө оруулагч болох “Го Си” групп нь 1970-аад онд хаягдал цаасыг дахин боловсруулах үйлдвэрийн чиглэлээр эхлэсэн бөгөөд, одоо 6-8 салбарт үйл ажиллагаагаа явуулдаг групп компани болон өргөжсөн байна.
Эхний өдөр “Го Си” группын үйлдвэрүүдтэй танилцсан.
1. Өнгөт хавтангийн үйлдвэр: Уг үйлдвэр нь хотынхоо төвөөс 20 км зайтай үйлдвэрийн районд байрладага бөгөөд цагт 20000ш хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай, олон улсын стандартыг хангасан, бүрэн автоматжсан үйлдвэр юм. Гол түүхий эд болох бүх төрлийн мод, хаягдал мод бут сөөгийг үйлдвэрийн аргаар үртэс тээрэмдэж, шахмал хавтан үйлдвэрлэдэг. Канад, ОХУ руу экспортлодог.
2. Модон эдлэлийн үйлдвэр: Дээрх үйлдвэрээс 5км-ын зайд байрших модон хаалга, цонх, тавилганы үйлдвэр нь гар ажиллагаа ихтэй, нарийн хийцлэлтэй үйлдвэр байна.
3. Хуванцар хашаа, хашлагын үйлдвэр: Хаягдал хуванцар дахин боловсруулж, хавтангийн үйлдвэрээс гарсан модны үртэстэй хольж барьцалдуулан, хуванцар хашаа, хайс, паркетан шал зэргийг үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнээр амралтын газар, жуулчны бааз, үйлдвэрийн хашаа, багана, шон хайс, шал зэргийг хийсэн байна.
4. Цаасан хайрцагны үйлдвэр: Бүх төрлийн хаягдал цаасыг дахин боловсруулж, бор цаас, кардонон хайрцаг үйлдвэрлэдэг. Улсын хэмжээний бор цаас, цаасан хайрцагны 20 хувийг хангадаг тус үйлдвэр нь бүрэн автоматжсан бөгөөд захиалагчид хайрцаган дээр өнгө, лого тавигдаж хүргэгддэгээрээ онцлог, өөрсдийн хэвлэлийн цех, лого хэвлэх машинтай.
5. Төмөр арматурчлалын үйлдвэр: Энэ үйлдвэр нь цувимал ган арматур, төмөр, катанги төмрийг шууд автомат машинд оруулан, тэндээс хана, багана, дам нурууны бэлэн бэлдэц гарч ирдэг 6 төрлийн машинтай үйлдвэр.
6. Ханын дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэр: Дулаалгын шилэн хөвөнгөө өөр үйлдвэрээс авч, хамгаалалтын зузаан гөлмөн төмрийг автомат машинд оруулан, шилэн хөвөнг 2 талаас нь нягтруулан ханын сэндвичэн хавтан үйлдвэрлэдэг үйлдвэр.
Дараагийн өдөр TDCC ХХК-ий хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа гол үйлдвэрлэл болох Канад технологийн, дулааны хэмнэлттэй, эко хаусны үйлдвэртэй танилцсан. Тус үйлдвэр нь Сайлань хотын үйлдвэрийн районд байрладаг бөгөөд өөрсдийн оффисын барилгаа энэ технологиороо барьсан байсан. Ган карказан бүтэцтэй, өөрийн үйлдвэрлэсэн Канад технологийн Олон Улсын стандартын дулаалгын хавтантай, 3 давхар вакуум цонх бүхий, 2 давхар, 80м.кв хүртэл угсрах хүчин чадалтай хаусын үйлдвэртэй танилцсан.
Тус компани нь Парктай хамтран ажиллах гэрээ байгуулвал манай улсын гэр хорооллыг дахин төлөвлөх, амины орон сууцны шийдэлд хувь нэмрээ оруулна гэж тооцоолж, хаусны үйлдвэрийг дагалдуулан 3-4 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулан, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Оруулж ирэх үйлдвэрүүд нь: Ган карказны, вакуум цонхны, гадна болон дотор хаалганы, хавтангийн, хуванцар хаягдал ашиглан үйлдвэрлэдэг паркетан шал, хашааны үйлдвэр зэрэг бөгөөд дээрх бүх үйлдвэрүүд нь үйлдвэрийн райондоо байрладаг, хажуудаа хяналтын лабораторитой, мөн үйлдвэрийн ажилчдын байр, нэгдсэн хашаатай байсан нь манай хэрэгжүүлж буй барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбортой бүрэн нийцэж байсныг онцлох нь зүйтэй.
Тайлан гаргасан: Н.Пүрэвсүрэн