2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр НБМҮТПаркад Хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр төсөл ирүүлсэн ААН-үүдийн удирдлагууд болон тус чиглэлээр холбогдох яам, албадын төлөөллүүд уулзаж, харилцан мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, хүсэлт өгсөн үйлдвэрүүдэд паркийн зүгээс тавьж буй шаардлагыг тодорхой болгох үндсэн зорилгоор зохион байгуулагдсан болно.
Уулзалтанд нийт 15 аж ахуй нэгж болон холбогдох яам, тамгын газрын 4 төлөөллийг урьсан бөгөөд үүнээс:
- Эко минерал ХХК
- Эко минерал трейд ХХК
- Баруун зүүн эх ХХК
- Электро хими ХХК
- Батул дэлгэрэх ХХК
- Грийн ресайклин монголиа ХХК
- Баян хайрхан трейд ХХК
- Экобин ХХК гэсэн 8 аж ахуй нэгж болон,
- ЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын газрын дарга С.Аригуун,
- МХХДБҮХолбооны тэргүүн С.Батжаргал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уулзалт явагдсан ба, НБМҮТПаркаас
- Газрын дарга С.Батжаргал
- Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн
- Инженер Г.Пүрэвдорж нар оролцлоо.
Уулзалтанд НБМҮТПаркийн зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлууд болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээллийг өгч, парктай гэрээ байгуулахын тулд тавигдаж буй шаардлагууд болон гэрээ байгуулсны дараа бүрдүүлэх материалуудын бүрдэлийг танилцуулж, уг бичиг баримтуудыг бүрдүүлэхэд паркийн зүгээс ямар чиглэлээр туслаж дэмжиж болох талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн.
Үүний дараа ААН-үүдийн төлөөллүүд өөрсдийн төслийн давуу тал болон ажиллах хүч, технологийн мэдээллийг товч өгсөн юм.
ЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын газрын дарга С.Аригуун төрийн зүгээс Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд ямар төрлийн тусламж дэмжлэг үзүүлж байгаа болон аюултай хог хаягдлыг хадгалах тал дээр баримталж байгаа бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд Захирагчийн ажлын албаны зүгээс хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, тээвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлж ажиллахаар зорьж байгаа гэдгийг дурьдсан юм.
Үүний дараа, төсөл ирүүлсэн ААН-үүдийн зүгээс бичиг баримтын бүрдүүлэх үе шат болон явцад гардаг хүндрэлтэй асуудлуудыг дэвшүүлж, уг үйл явцыг илүү хялбаршуулах тал дээр анхаарахыг хүссэн бөгөөд, ямар ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй байгаа талаар харилцан санал солилцож, сонирхсон асуултад хариулснаар уг уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.