ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯН ЗАРЛАГДЛАА

Тус аяныг Монгол Улсад 1998 оноос тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 2020 онд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байна. Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг.

1960 оны 11-р сарын 25-ны өдөр Доминикан Улсад нийгмийн зүтгэлтэн 3 эмэгтэйн амь насыг хөлсний алуурчнаар хөнөөлгөж, автомашины осол хэмээн мэдээлсэн. Хүний эрхийг ноцтой зөрчсөн энэ бусармаг явдлыг жигшин олон нийтийн хөдөлгөөн тус улсад өрнөж, жил бүрийн 11-р сарын 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр болгох санаачилгыг анх гаргасан. 1991 онд АНУ-ын Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс зөвхөн 11-р сарын 25-ны өдрөөр хязгаарлахгүйгээр Олон Улсын хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ныг угтаж, 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдөр хvртэл өргөн хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүр зохион байгуулж байх санаачилга гарган олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. 1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор энэхvv аяныг олон улсын хэмжээнд жил бүр дээрх хугацаанд зохион байгуулахаар батламжлан уриалсан юм.

Уг аянд дэлхий нийтэд 180 гаруй орны 6000 орчим байгууллагууд, бодлого шийдвэр гаргагсад, засгийн газрууд, НҮБ-ын байгууллагууд, олон тооны хувь хүмүүс ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгдэж байна.