Төрөөс барилгын салбарын талаар баримталж буй “Барилгын материал, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах” зорилгын хүрээнд Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөн Архангай аймагт 2020 оны 10 сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд манай парк уг зөвлөгөөнд амжилттай оролцлоо.
Зөвлөгөөнөөр барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, үйлдвэрлэлд тулгамдаад байгаад асуудал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг асуудлаар илтгэлүүд тавигдсан.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон бусад албаныхан мөн 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, 21 аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй хүн зөвлөгөөнд оролцсон.
Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл Технологийн Паркийн зүгээс Газрын дарга С.Батжаргал байгууллагын танилцуулга, үйл ажиллагаа болон хийгдсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг илтгэлээр тавьж, цаашид хэрэгжих төслүүдийг танилцууллаа.