“НОГООН ЦАГИРАГ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2020 оны 11 сарын 04-ны өдөр Паркийн удирдлага болон мэргэжилтнүүд Парктай хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлээд буй “Ногоон цагираг” ХХК-ийн Улаанбаатар хот дахь үйлдвэртэй биечлэн танилцлаа.

Ногоон цагираг ХХК нь Монголын анхдагч чулуун хийцийн үйлдвэрүүдийн нэг бөгөөд 2016 онд үүсгэн байгуулагдсан, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай СтартАп компани юм. Тус компани нь чулуу нийлүүлэлт, зүсвэр, үйлдвэрлэл, өнгөлгөө, чулуун гүйцэтгэл гэсэн төрлүүдээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар түүхий эд материалын 90%-ийг БНХАУ-аас, 10%-ийг дотоодоосоо буюу Ховд, Төв, Говь-Алтай аймгуудаас нийлүүлдэг байна. Цаашдаа Монгол чулуугаар импортын чулуу, чулуун хийцийг орлох бүрэн боломжтой гэж үзэж байгаа бөгөөд төсөл хэрэгжих 5 жилийн хугацаанд түүхий эд материалын дотоодын нийлүүлэлтийг 50%-д хүргэхээр зорьж байна.

Уулзалтын үеэр Монголын чулуу олборлолтын салбарт технологийн дэвшилт хийх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд, гар аргаар олборлолт хийдгээс үүдэн хаягдал их гардаг тухай ярьж байлаа. Хятад улсаас ирдэг чулууны 5 орчим хувь нь үйлдвэрлэлийн явцад хаягдал болдог бол Монголдоо олборлосон чулууны 40 гаруй хувь нь зүсвэрийн явцад хаягдал болж гардаг бөгөөд энэ нь тээвэрлэлтийн зардал, ажиллах хүчний зардал өсөхөд шууд нөлөөлдөг байна. Тус компани нь уг асуудлыг шийдвэрлэхээр олон судалгаа туршилт хийсний үр дүнд хаягдал чулуугаар ландшафтын чимэглэл, явган хүний зам зэргийг хийх боломж бүхий жижиг хайрга гаргаж авсан бөгөөд ингэснээр хог хаягдлын асуудлаа бүрэн шийдвэрлэж чадсан байна.

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт байрших төслийн хүрээнд 50 орчим иргэдийг ажлын байраар хангаж, Монгол улсын чулуу олборлолт үйлдвэрлэлийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд чулуун хог хаягдлын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, саарал усаа дахин ашиглах боломжтой, мөн үйлдвэрлэлийн явцад гардаг лаг шаврыг ашиглах боломжийг судлаж, 100 хувь эко үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд Паркийн дарга С.Батжаргал 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай, импортыг орлож дотооддоо баялаг бүтээх зорилго бүхий залуучуудын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

“Монгол чулуугаар үнэт зүйлс, эрдэм мэдлэг, баялаг бүтээнэ” https://www.facebook.com/nogoontsagiragllc

Монголоос олборлолт хийгддэг чулуунууд:

Ховд аймгаас олборлодог “Монгол Улаан” чулуу.

БНХАУ-аас импортлодог чулуунуудын сонголт:

Чулуу зүсвэрийн машин:

Чулуу бутлагч болон шигшүүр: Хаягдал чулууг бутлан гадна тохижилтын чимэглэл хайрга гаргаж байгаа нь.

Хаягдал чулуугаар хийсэн ландшафтын чимэглэл хайрга:

Мөн хаягдал чулуугаар довжоо, зам хийх хайрга гаргасан байна.

Бүтээгдэхүүнүүд: