Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа

Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа

ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД ЭХЭЛЖЭЭ

Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэр технологийн паркад 2019 оны эхний ээлжийн үйлдвэр ашиглалтанд орж бас нэгэн үйлдвэр шав тавих ёслолын ажиллагаа хийлээ.

Ашиглалтанд орсон үйлдвэр нь ангижруулсан төмөр үйлдвэрлэх зургаан цогц үйлдвэр байгуулах юм. Одоогийн байдлаар 50 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрэн бүрдээд байна. Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхлэх улирал эхлэж байгаатай холбогдуулан НБМҮТП нь  бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар  4.7км авто замын ажил, 1.6 км үерийн далангийн ажил хийгдэж 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаaд байна. Паркт нийт 2014 оноос хойш 13.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ жилдээ багтааж дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

  • Авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авах.

Нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамжийн ажлыг эхлүүлэх /1 тэрбум төгрөг/

Паркийн цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэх.

Паркийн өргөтгөл 130 га газрын үйлдвэрлэлийн нарийвчилсан төлөвлөлт хийх.

Шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх.

2019 онд 300 хүний ажлын байрыг шинээр бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

ПАРКАД БАЙРЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Энэ долоо хоногт тус паркад байрших үйлдвэрүүдийн удирдлагуудтай   уулзалт зохион байгуулж тэднийг үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө   шаардагдах бичиг баримтуудыг хэрхэн богино хугацаанд бэлтгэх талаар цогц мэдээлэл мэдээлэл өгчээ. Учир нь бичиг барим бүрдүүлэхэд багагүй хугацаа зарцуулдаг, олон газарт хандах шаардлагатай байдаг тул үүнийг үйлдвэрлэл эрхлэгчид хүндрэлгүй, хурдан, шуурхай бүрдүүлэх аргачлал зэргийг нарийн тайлбарласан аж. Ингэснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болж холбогдх хуулийн талаарх мэдээлэлтэй боллоо. Уулзалтад 13 үйлдвэрийн төлөөлөгч оролцож санал бодлоо солилцжээ.

НБМҮТП-ийн дарга С.Батжаргал уулзалтын үеэр хэлэхдээ төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны үнэлгээ, техник технологийн түвшний үнэлгээ зэргийг ажлын дарааллын дагуу боловсруулж, холбогдох байгууллагуудаар баталгаажуулах зэрэг үйлдвэр барих бэлтгэл ажлын хугацаа хуулийн дагуу 6 сар орчимд багтах боломжтой ч төслийн хүчин чадал төрийн байгууллагын баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж захиалагчийн уялдаа холбоо сул зэргээс хамаарч 1-2 жилийн хугацаа зарцуулж байгаа. Тиймээс үйлдвэрлэл технологийн паркийн нэгжүүд паркийн үндсэн дэд бүтцийг хүлээлгүй ажлаа эрчимжүүлэх нь чухал. Монгол Улсын Засгийн газраас Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад 30 гаруй баримт бичгийн бүрдэл хангаж байж авдаг ба 3 жилийн хугацааг зарцуулсан. Бидний зүгээс үзэхэд төр хувийн хэвшлийн түншлэл харилцан уялдаатай ажлын дүнд богино хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллаж олон  үйлдвэрийг бүтээн байгуулах боломжтой гэж үзэж байна гэдгийг онцоллоо.