Хуучин монгол бичгээр зөв бичих тухай
Хуучин монгол бичиг мянган жилийн тэртээх тухайн үеийн монгол хэлний нэгэн аялгуу дээр үндэслэн зохиогдоод түүнээс хойш төдий л өөрчлөгдсөнгүй уламжлагдан хэрэглэгдсээр ирсэн учир өнөөгийн монгол хэлний аль ч нутгийн аман аялгуунаас ихээхэн зөрүүтэй бичигдэх болжээ.
Хуучин бичгээр үгийг бичихдээ одоогийн хэлдэг, ярьдгаар биш харин хуучин бичигт хэрхэн бичдэгээр нь бичих ёстой.
Хуучин бичигт үгийн язгуурыг хэрхэн бичих тусгай дүрэм байдаггүй. Үгнүүдийг толиноос харж цээжлэн, уламжлалыг баримтлан бичнэ. Бас үгийн дагавар, нөхцлийн бүтцийг нэг бүрчилэн цээжлэх шаардлагатай. Энэ нь зөв бичиж сурахын гол нөхцөл мөн.
Хэрвээ үгийн язгуур, дагавар, нөхцлийг сайн цээжилсэн аваас тэдгээрийг залган бичихэд эгшиг жийрэглэх эсэх, ямар нөхцлийг ямар үгийн дараагаар бичих төдий дүрмүүдийг мэдвээс зөв бичиж чадмуй.
Хуучин монгол бичгийн зөв бичих дүрмийн талаар системтэй нэгтгэсэн бүтээл байдаггүй учраас бид янз бүрийн номоос зөв бичих дүрэмд холбогдох гол зүйлүүдийг түүвэрлэн өөрсдийн саналыг нэмэрлэн хойно хавсаргав.