ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН БАЙРШИЛТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022 оны 05 сарын 18-ны өдөр Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас зохион байгуулж байгаа Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн байршилтай танилцах ажлын аяллын хэсэг Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Парктай ирж танилцлаа.

Тус аяллын хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт, Эмээлт эко үйлдвэрлэл, технологийн парк, Монгол наадам цогцолбор, Sathy ХХК, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа зэрэг газруудаас удирдлага, төлөөллүүд оролцсон юм.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”-д Улаанбаатар хот орчимд 15 дагуул хот байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд байгуулах боломжтой 5 дагуул хотын газар дээр очиж өнөөгийн нөхцөл байдалтай танилцах, холбогдох байгууллагуудтай нэгдсэн ойлголтод хүрэх, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах талаар хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулах, цаашид хамтран ажиллах чиглэл, зорилгыг тодорхойлоход энэхүү аяллын зорилго оршино.

Уг аяллын хэсэг нь Налайх, Майдар, Хөшигийн хөндий, Эмээлт, Буянт-Ухаа гэсэн маршрутаар зорчиж, тус газруудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж байна. Эхний ээлжинд дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан үзэж дээрх 5 хотын төлөвлөлтийг хийж байгаа юм. Дээрх байршилуудад дагуул хотуудыг байгуулж, чиглэлийн дагуу хөгжүүлснээр хотын төвийн түгжрэл буурч, хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хот бүр байршил болон үйлдвэржилтийн давуу талаа түшиглэн, хөгжих боломж бүрдэх юм.

Уулзалтын эхэнд Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, НБМҮТПаркийн дарга С.Батжаргал нар үг хэлж, үйл ажиллагааны танилцуулга, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Налуу-Ухаа дагуул хотыг барилгын материалын үйлдвэрлэл, тээвэр логистикийн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Туушин ХХК-ын төлөөлөл тээвэр зуучийн логистикийн төв байгуулах ажлын явц, цаашид хийгдэх ажлын талаар танилцуулга хийсэн.

Паркийн дарга С.Батжаргал уг аяллыг зохион байгуулж байгаа Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрынханд талархал илэрхийлж, цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, холбоотой ажиллахыг уриаллаа.