2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан.

Уг зорилтот жилийн хүрээнд гадна орчны аюулгүй байдал, хүүхдийн тоглоомын талбай, гадна хашаа хайсны стандартыг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин нөхцлийг бүрдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайн стандарт шаардлагыг мөрдүүлэх, хог хаягдлын стандартыг нэвтрүүлэх,  гадна хаяг, сурталчилгааны самбарын стандарт зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхээр зорьсон байна.

“Стандартыг хэрэгжүүлэх ажил нь зөвхөн нийслэлийн ажил биш. Стандартыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцолж хэллээ.

Ийнхүү “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Улаанбаатар хот нэг стандарттай болсноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх нь ээ.