“ПИЙС СТИЙЛ ГРУПП” ХХК НИЙТ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДДАА ХАБЭА-НЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Парктай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа анхдагч үйлдвэрүүдийн нэг болох “Пийс Стийл Групп” ХХК 2020 оны 11 сарын 02-ны өдөр нийт ажилтан, албан хаагчиддаа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн бүтэн өдрийн сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд тус үйлдвэрийн нийт 53 ажилтан, албан хаагч хамрагдсан бөгөөд ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг байгууллагын ХАБЭА-н ажилтнаас тогтмол авч байх, тоног төхөөрөмжин дээр ажиллахдаа аюулгүй ажиллагааны зааврын дагуу ажиллах, аюултай нөхцөл байдалд авах арга хэмжээ зэрэг шаардлагатай мэдээллүүдийг авсан.

Тус сургалтаар “Баян хүрээ” сургалтын төвийн сургагч багш н.Баянхангай Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хуулийн ойлголт, дүрэм журам, стандарт, ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, Ажлын байранд хийгдэх дотоодын хяналт, Ажлын байран дахь галын аюулгүй ажиллагаа, онцгой байдлын үед авах арга хэмжээ, Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөл, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах тухай, Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх, Тоног төхөөрөмжтэй харьцан ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, Осолдогчдод үзүүлэх анхан шатны тусламж зэрэг сургалтуудыг явуулсан байна.

Мөн Паркийн газрын дарга С.Батжаргал байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашид хийгдэх ажлуудын талаар “Пийс Стийл Групп” ХХК-ын ажилтнуудад мэдээлэл өглөө.

“Пийс Стийл Групп” ХХК нь хаягдал төмөр, хөнгөн цагаан боловсруулан тэнцвэржүүлэгч үйлдвэрлэдэг бөгөөд 2018 оноос үйл ажиллагаагаа тогтмол явуулж, Налайх дүүргийн иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.