НБМҮТПаркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан 05 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа.

Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 120 га талбайд төлөвлөгдсөн бөгөөд бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулахад улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэх боломжтой. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан ачаа тээврийн байршлын онцлог, давуу тал, ажлын хэсгийн санал зэргийг тус тус үндэслэн “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” болон “Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулах шаардлагатай байна” гэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.